ЦЭЦИЙ САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭЭЛТ

2017 оны 10-р сарын 6-ны өдөр

Ньюком ХХК

Монгол Улс, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутагт баригдсан

Цэций Салхин цахилгаан станцын нээлт 

Монгол улсын анхны “Салхит”салхин цахилгаан станцын нээлтийг амжилттай хийснээс хойш  4 жилийн дараа Монголын хоёр дахь салхин цахилгаан станц болох “Цэций” салхин цахилгаан станцын албан ёсны нээлт 2017 оны 10-р сарын 6-ны өдөр болсныг Ньюком компани  мэдээлж байна. Цэций салхин цахилгаан станцын төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь Ньюком ХХК болон Японы Софтбанк Групп Корпорацийн охин компани болох СБ Энержи Корпорацийн хамтын ажиллагааны томоохон илэрхийлэл боллоо.

Цэций Салхин Цахилгаан Станцын төслийн барилга угсралтын ажлыг төслийн талбарт 2016 оны 9-р сард эхлүүлснээс хойш яг нэг жил 3 сарын дараа 25 салхин турбины угсралт, суурилуулалт, Цэций дэд станц болон тус станцыг Монгол Улсын төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбох 32 км гаруй урттай цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулах туршилтыг амжилттай гүйцэтгэн нээлтээ хийсэн томоохон үйл явдал боллоо. Энэ оны 9-р сард барилга угсралтын ажлыг 900,000 хүн цаг аваар осолгүй ажилласан амжилттайгаар Цэций Салхин Цахилгаан Станцын нээлтийг хийв. Тус төслийн хувьд барилга угсралтын ажил нь анх төлөвлөсөн хугацаанаас даруй 3 сарын өмнө дууссан төдийгүй барилга угсралтын ажлын явцад ойролцоогоор 500 орчим хүн ажилласнаас 95% нь Монгол ажилтнууд байлаа.

Монгол Улс нь дэлхийд хүн амын нягтаршлаараа хамгийн багад тооцогддог улсуудын нэг бөгөөд хахир хатуу өвлийн улиралтай тул хүн ардаа, нэн ялангуяа хөдөө орон нутагт амьдарч буй оршин суугчдыг цахилгаан, дулаанаар хангахад ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай байдаг. Хэдий тийм боловч Монгол Улс нь салхины эрчим хүчээр цахилгаан гаргах томоохон үйлдвэрлэгч болох боломжтой бөгөөд 1,100 Гегаватт гаруй чадлыг суурилуулах (эх сурвалж: Эрчим Хүчний Яам, Монгол Улс, 2016) бололцоотой бөгөөд Монгол орны өмнөд болон зүүн бүс нутагт салхины эрчим хүчний нөөц ихтэй. 

  

50 Мегаваттын чадалтай Цэций Салхин цахилгаан станцын төслийг ЖАЙКА болон ЕСБХБ-ын зээлээр санхүүжүүлсэн. Энэхүү төсөл нь ЖАЙКА-гийн хувьд хилийн чанадад хувийн хэвшилд зээл олгон хэрэгжүүлсэн сэргээгдэх эрчим хүчний анхны төсөл нь болж байгаагаараа онцлогтой юм.

Төслийн ерөнхий гүйцэтгэгч болон турбин нийлүүлэгчээр Дани улсын Вестас компани сонгогдон ажиллалаа. Төслийн туслан гүйцэтгэгчээр олон байгууллага ажилласны дотор Ньюком группийн охин компани болох Ньюком Майнинг Сервис компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж, авто зам, засвар үйлчилгээний төвийн барилга, салхин турбины суурь барьж байгуулах болон төслийн кэмпийн үйл ажиллагааг хариуцан амжилттай ажилласан байна.

Цэций Салхин цахилгаан станц нь импортоор авч буй цахилгааны хэмжээг бууруулах төдийгүй уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлж буй нөлөөллийг бууруулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх болно. Тухайлбал, тус Салхин Цахилгаан Станцын төслийг хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг жилд ойролцоогоор 230,000 тонноор бууруулж, жилд 180,000 тонн нүүрс, 1.2 сая тонн ус хэмнэх болохыг тооцож тогтоосон байна. Монгол Улсын өмнөд бүс нутагт орших Цэций Салхин Цахилгаан Станц ашиглалтад орсноор мөн улсын болон орон нутгийн чанартай авто зам, төмөр зам, эрчим хүчний дэд бүтцийг цаашид хөгжүүлэх ажилд тодорхой хувь нэмэр оруулах юм.

 

Клин Энержи Ази ХХК-ийн талаар
Клин Энержи Ази ХХК нь 2012 онд Монголын Ньюком ХХК болон Японы Софтбанк Групп Корпорацийн охин компани болох СБ Энержи Корпорацийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.cea.mn веб сайтаас авна уу.

 

СБ Энержи Корпорацийн талаар

Японы Софтбанк Групп Корпорацийн охин компани болох СБ Энержи Корпораци нь сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг Японы тэргүүлэгч компаниудын нэг юм. 2017 оны 10-р сарын байдлаар тус корпорацийн сэргээгдэх эрчим хүчний 34 цахилгаан станц ажиллаж, 408,5 МВ гаруй цахилгаан эрчим хүч (ойролцоогоор Японы 128,180 өрхийн цахилгааны хэрэгцээг хангах) үйлдвэрлэж байна. СБ Энержи Корпораци нь байгалийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглан их чадлын нар (мега) болон салхины станц барьж байгуулах зорилготой ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.sbenergy.co.jp/en/ веб сайтаас авна уу